Rewind: 2023 онд биднийг гайхшируулсан шинжлэх ухааны 10 ололт

Нийтэлсэн:

2024-01-22

7 минут

628

Rewind-ийн ээлжит нийтлэлээрээ энэ жил шинжлэх ухааны ертөнцөд юу болсныг тоймлож, оны хамгийн онцлох 10 ололт амжилт, үйл явдлыг танилцуулж байна. Хүн төрөлхтний хөгжил дэвшил энэ жил юугаар дээшлэв гэдгийг хамтдаа сонирхоцгооё. 

 

Techworm - Chapter designs_6.jpg

 

 

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчирхэг цойлуур буюу пуужин энэ жил гурван удаа амжилттай туршигдсан нь SpaceX компанийн алдарт Starship байлаа. Уг хөлгийн ачаар бид Сар, Ангараг, Ганимед, Европа тэргүүтэй одны системээ эзэгнэх боломжтой болж буй. Нэг ёсондоо манай Дэлхий гараг хоорондын соёл иргэншил болох цаг тун ойрхон байна. Хамгийн сонирхолтой нь энэ бүгд ердөө нэг залуугийн галзуу гэмээр мөрөөдлөө бодит болгохын төлөөх няцашгүй хичээл зүтгэлийн үр шим билээ. Тэр бол Элон Маск.

 

Дэлхийн хамгийн баян хүн болохдоо ч, олон жил НАСА-ийн толгойг өвтгөсөн сансрын тээвэрлэлтийн асуудлыг өөрийн бүтээсэн хувийн компаниараа шийдэхдээ ч тэр бага насны энэхүү мөрөөдлөө гээгээгүй юм. Үр дүнд нь SpaceX компани илүү хялбар бөгөөд хямд зардлаар дахин ашиглагддаг цойлуур бүтээж, сансрын салбарт хувьсгал авчирч чадсан. Жишээлбэл, тэдний бүтээсэн Falcon Heavy хөлөг нь аль хэдийн Олон улсын сансрын станц руу карго зөөдөг үндсэн сансрын хөлөг болжээ.

 

Тэдний алсын хараа, амбиц үүгээр хязгаарлагдсангүй. Учир нь SpaceX-ийн дараагийн том хөзөр бол 120 метрийн өндөртэй, нэг хөөргөлтөөрөө 100 хүнийг сансарт гаргах чадалтай, 100 тонн ачааг тээвэрлэх даацтай Starship сансрын хөлөг юм. Уг хөлгийн тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл доорх нэвтрүүлгийг үзээрэй.
 

Techworm - Chapter designs_4 (1).jpg

 

Энэ жилийн хувьд Сарны өмнөд туйл дээр хэн түрүүлж зөөлөн буулт хийх вэ гэдэг уралдаан боллоо. Нэг талаас сансрын салбарт анхдагч Орос улс, нөгөө талаас жилдээ нэг сая инженерийг бэлтгэн гаргадаг Энэтхэг улс өрсөлдсөн юм. Үр дүнд нь Оросын Луна-25 хөлгөөс холбоо тасарч, Энэтхэгийн Чандраян-3 хөлөг амжилттай газарджээ.

 

Саяхныг хүртэл Саран дээр зөөлөн буулт хийсэн гурван орноор Орос, Америк, Хятад улс бичигдэж байсан бол ийнхүү Энэтхэгчүүд дөрөв дэх орон болж чадлаа. Хамгийн онцлууштай нь тэд хэний ч хүрч чадаагүй Сарны өмнөд туйл дээр газардсан юм. Сүүлийн үед Сарны өмнөд туйл нь геополитик болон стратегийн хувьд онц ач холбогдолтой, колоничлох ёстой дараагийн тив хэмээн тодорхойлогдоод буй. Учир нь Сарны өмнөд туйл дээр ус бий бөгөөд ирээдүйд энд бааз байгуулахад нэн тохиромжтой хэмээн үзэж байгаа юм.

 

Газардахад туйлын бэрхшээлтэй уг хэсэгт хүрэхэд улс орнууд шинжлэх ухаан болон технологийн ур чадвараа тултал шавхах шаардлагатай. Харин эл даалгаврыг Энэтхэг улс амжилттай биелүүлж, сүүлийн жилүүдэд сансрын хөтөлбөртөө өндөр ач холбогдол өгснийхөө үр шимийг хүртэж байна. Сонирхуулахад, Чандраян-3 төслийн зардал нь манай улсын түгжрэлд зарцуулдаг төсвөөс гурав дахин бага аж. 

 

Techworm - Chapter designs_9.jpg

 

Өнгөрсөн жил манай улсад анхны сансрын технологийн компани мэндэлсэн нь ONDOSPACE байлаа. Үүрэн телефоний ONDO компани хиймэл дагуул бүтээх зорилго тавьж, үр дүнг танилцуулж эхэллээ. Товчхондоо ONDOSPACE-ийн бүтээсэн хиймэл дагуулууд сансрын орчин дахь бүх туршилтаа амжилттай давсан бөгөөд хөөрөхөд бэлэн болжээ.

Techworm - Chapter designs_5.jpg

 

Байж болох хамгийн том телескоп гэхээр танд юу бодогдож байна вэ? Магадгүй уулын хотгор хэсгийг ашиглан барьсан аварга том радио телескоп эсвэл дэлхийн өнцөг булан бүрд байрлах томоохон телескопуудыг хооронд нь нэгтгэн ажиллуулдаг сүлжээ байж болох юм. Аль эсвэл манай галактикийн төвд байрлах хар нүхний зургийг авсан Event Horizon гарагийн хэмжээт телескоп ч байж болно. Гэхдээ хамгийн том нь эдгээрийн аль нь ч биш. Гарагаас ч том, нарны аймгаас ч том, галактикийн хэмжээний телескоп бидэнд бий. Өөрсдийн оддын системээсээ ч гарч чадаагүй хэр нь яаж барьсан юм бэ гэж та гайхаж магадгүй. Тэгвэл бид энэхүү телескопыг хиймлээр бариагүй бөгөөд байгалийн тогтцуудыг ашиглан бүтээсэн юм. Жишээлбэл нейтрон оддыг ашиглан бий болгосон.

 

Нейтрон од нь ихэвчлэн аварга масстай оддын дэлбэрэлтээс үлдсэн тогтоц ба тэнхлэгээ маш хурдан эргэдэг. Нэг төрлийн байгалийн цаг шиг эргэлтийн давтамж нь тун нарийн бөгөөд иймэрхүү нарийн давтамж бүхий радио долгион цацаргадаг нейтрон оддыг пулсар хэмээн нэрлэнэ. Гаднын ямар нэг нөлөө орж ирэхгүй л бол уг давтамж хүлээн авагчийн хувьд барагтаа өөрчлөгдөхгүй боловч гаднын нөлөө ороод ирвэл өөрчлөлт мэдрэгддэг. Юу гэх гээд байна вэ гэвэл, хэрэв бид цөөнгүй пулсарыг ажиглаж, ердийн үеийн давтамжийг нь тогтмол хэмжвэл хэзээ нэгэн цагт галактикийн хэмжээнд гравитацийн долгион тохиовол түүнийг мэдрэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, пулсаруудыг ашиглан галактикийн хэмжээний телескоп бүтээж болно.

 

Энэ гайхалтай санааг судалгаа болгоход Nanograv төслийн багийнхан 15 жилийн турш 67 пулсарыг ажигласан бөгөөд үр дүнд нь маш том гравитацийн долгионыг илрүүлжээ. Уг долгион яг юунаас шалтгаалсныг одоогоор бүрэн тайлбарлаагүй ч энэхүү төслийн хувьд тус судалгааны ажлаар Нобелийн шагнал хүртэх нь баараггүй хэмээн салбарын мэргэжилтнүүд дүгнээд байна. Гравитацийн долгионы талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх нэвтрүүлгийг үзээрэй. 

Techworm - Chapter designs_3 (1).jpg

 

Дэлхий дээр хомс учраас үнэтэй зарим металл сансрын уудамд хог нэгээрээ хөвж байдгийг та мэдэх үү? Хүн төрөлхтний өнөөдрийг хүртэл олборлосон бүх алтнаас 1000 дахин их хэмжээний алт солир хэлбэрээр сансарт байна гэвэл яах вэ? Энэ бол худал зүйл биш.

 

Ангараг гарагийн цаад талд Psyche нэрт солир бий. Түүний хөнгөн цагааны агууламж гэхэд л мөнгөн дүнгээр 10 квинтиллион ам.доллар буюу одоогийн Дэлхийн эдийн засгийг зуун мянга дахин нугалах хэмжээний үнэтэй гэсэн үг. Үүнд алт, зэс, төмөр тэргүүтэй бусад ховор металлыг тооцоогүй гэдгийг санууштай. Тэгвэл энэ солирын зүг НАСА аль хэдийн явжээ. Тодруулбал, 2023 оны аравдугаар сард НАСА-ийн Psyche нэртэй хөлөг уг солир руу хөөрсөн юм. Гэхдээ олборлолтын зорилгоор бус эхний ээлжинд судлах зорилгоор явсныг онцолъё. 

 

Techworm - Chapter designs_19.jpg

 

Хүн төрөлхтний нүд гэгдэх Жеймс Вебб Сансрын Телескоп анхны зургаа илгээснээс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сонирхолтой датаг бидэнд илгээсээр буй бөгөөд тэр дундаас хамгийн онцлууштай нь ертөнцийн анхны оддыг ажигласан явдал байв. Товчхондоо ертөнц үүссэнээс 400 мянган жилийн дараах үеийг бид харсан.

 

Их тэсрэлтээс 378 мянган жилийн дараа фотонууд буюу гэрэл чөлөөлөгдсөн. Харин түүний дараах протон болон электронууд анхны атом болох устөрөгчийг үүсгэж тэрхүү устөрөгчүүд таталцлын тушаалаар нэг дор цугларч анхны оддыг бий болгосон байдаг. Анхны одод хэт аварга хэмжээтэй байсан бөгөөд диаметр нь манай нарны аймаг шиг, массын хувьд манай одноос дор хаяж 100 мянга дахин их байжээ. Гадаргуун температур л гэхэд 50 сая цельсийн градус хүрдэг байна.

 

Тухайн мөчид огторгуй-хугацаа айхтар тэлж амжаагүйн дээр устөрөгчийн олдоц их байсан учраас ийм том мангасууд төрөн гарах боломжтой байж. Мэдээж тэд урт наслаагүй бөгөөд төд удалгүй супернова болон дэлбэрч илүү хүнд элементүүдийг үүсгэн дараагийн оддын өлгий болдог билээ. Жеймс Вебб Сансрын Телескопын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энэ дугаарыг үзээрэй!

Techworm - Chapter designs_22 (1).jpg

 

Сүүлийн 30-40 жилд ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр гэгдэх Fusion технологийн талаар ярьж байгаа билээ. Энэ бол нарны цөм дэх урвалыг Дэлхий дээр хиймлээр бий болгож, оруулснаасаа их хэмжээний энергийг гаргаж авах цэвэрхэн бөгөөд зардал багатай хувилбар юм.

 

2022 онд fusion буюу цөмийн нэгдэх урвалаас анх удаа ашигтай энерги гаргаж авсан бол 2023 онд оруулснаасаа хоёр дахин их энерги гаргаж авч чаджээ. Том өөрчлөлт шиг сонсогдож болох ч анх гаргаж авсан хоёр мегажоул энергийг дөрвөн мегажоул болгосон төдий гэдгийг онцлууштай. Энэ хэмжээний энергиэр бид ердөө нэг литр ус буцалгаж чадах ба уг урвалыг явуулахын тулд хэрэгтэй супер лазеруудыг ажиллуулах хүчийг тооцож үзвэл бас ч яг ашигтай гэхэд бэрх юм.

 

Энэ ташрамд өнгөрсөн оны сүүлээр 85 хувьтай явж буй ИТЕР төслийг дурдахгүй өнгөрч үл болно. 2025 оноос эхлэн цөмийн нэгдлийн урвалаар жинхнээсээ ашигтай эрчим хүч үйлдвэрлэхийг зорьж байгаа энэхүү олон улсын хамтын төслийн талаар илүү дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.

Techworm - Chapter designs_23 (1).jpg

 

Генетикийн салбарт хувьсгал авчирсан Нобелийн шагналт энэхүү технологийг зарим төрлийн өвчинд эмчилгээний зориулалтаар хүн дээр ашиглахыг Америкийн FDA-аас зөвшөөрлөө. Энэ бол маш том алхам. Үүнээс цааш генийн инженерчлэл бидний өдөр тутмын амьдралд нэвтрэх нь цаг хугацааны асуудал боллоо.
 

Techworm - Chapter designs_16 (1).jpg

 

Энэхүү шинэ төрлийн вакцины технологи нь Ковид-19-ийг ялахад үлэмж нөлөө үзүүлснээс гадна цаашид ч өөр олон өвчнийг анагаах өндөр потенциалтай юм. Уг вакцинаар 2023 оны Анагаах ухааны Нобелийн шагнал хүртсэн тэдний хийсэн суурь судалгааны ачаар, басхүү генетик инженерчлэл, молекул биологийн хөгжлийн үр дүнд уламжлалт вакцинаас ялгаатай вакцины шинэ төрлийг богино хугацаанд гарган авч чадсан юм. Уг мРНХ технологийн вакцин нь цаашид олон төрлийн эмчилгээнд ашиглагдах боломжтойн зэрэгцээ удахгүй хэрэглээнд нэвтрэхээр фаз-3 шатанд явж буй цөөнгүй мРНХ вакцинууд хүлээгдэж буй.

 

Энэ жил Нобелийн шагнал хүртсэн энэ технологийн талаар дэлгэрэнгүйг эндээс үзээрэй. 
 

Techworm - Chapter designs_20 (1).jpg

 

2023 онд тун сонирхолтой нэгэн судалгаа нийтлэгдсэн нь тархи болон компьтерын интерфейс хэмээх технологийн тухай байлаа. Маш сонирхолтой энэхүү технологи нь нэг төрлийн бодлоороо үйлдэх хийх боломжтой болгох юм.  Нэг төрлийн телепати шиг ажиллана гэсэн үг. Та нэг зүйл бодно, түүнийг нь компьютер уншаад үйлдэл болгоно. Эсвэл өөр хүний тархитай холбогдсон компьютер руу зурвас болгон илгээж болох юм. 


Мөн үүнтэй зэрэгцээд өнгөрсөн онд Элон Маскийн Neuralink буюу хүний тархинд чип суулгах технологи хүн дээр клиник туршилт хийх зөвшөөрлөө FDA-ээс аваад буй. Одоогоор туршилтад орох хүмүүсээ цуглуулаад эхэлжээ.


Санал болгох нийтлэлүүд:

Сэтгэгдэл
© 2015-2023 Анрид Медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентуудыг зөвшөөрөлгүйгээр болон дурдалгүйгээр нийтлэх, хэвлэх, эш татахыг хориглоно.