Бид “Бот шалгагч”-ийг цахим хэрэгсэлтэй боллоо

Нийтэлсэн:

2024-05-20

2 минут

460

Энэ жил Монгол Улс УИХ-ын сонгуулиа зохион байгуулж, түүхэндээ хамгийн олон их хурлын гишүүдийг сонгоно. Сонгууль гэдэг бол нэг талаар медиа дайн. Ялангуяа том тойргийн олон сонгогчид цөөн хоногийн (6-р сарын 10-аас 26-ны өдрүүд) дотор танигдах, мөрийн хөтөлбөрөө танилцуулна гэдэг тийм ч хялбар ажил биш нь тодорхой. Ямар ч хар ухаанаар бодсон уламжлалт арга буюу уулзалт, “мөлхөө”-гөөр бүх сонгогчтойгоо уулзаж амжихгүй. Тиймээс хэвлэл мэдээлэл тэр дундаа сошиал медиагийн хүчийг ашиглана. Харин сошиал медиагийн хүч гэдэгт зөвхөн контентоос гадна бот хэмээх ойлголт сүүлийн үед багтах болов.

Бот гэдэг нь автоматжуулсан сошиал хаяг бөгөөд хуурамч болон төөрөгдүүлсэн мэдээллийг санаатай түгээдэг.

Аливаа контентыг дэмжсэн эсвэл эсэргүүцсэн байдлаар цааш хуваалцах, бусдад түгээх, сэтгэгдэл бичих зэрэгт ботуудыг ашиглаж болдог. Энэ үзэгдэл олон улсад тун ч нийтлэг. 

Иймд олон нийтийн сүлжээн дэх бот хаягуудыг олж илрүүлэх, энэ талаар сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор Unread-ийн редакц, Tenger TV-тэй хамтран “Бот шалгагч” вебийг бүтээлээ. Энэхүү вебийн ажиллах зарчим тун энгийн.

1. Хэрэглэгч сэжигтэй гэж үзсэн сошиал хаягийн холбоосоо оруулна

2. Тухайн хаяг манай мэдээллийн санд (одоогоор 1,000 гаруй бот хаягийг агуулсан) бүртгэлтэй эсэхийг шалгаж, бот байх магадлалыг нь тогтооно

3. Хэрэв хэрэглэгчийн шалгасан хаяг манай мэдээллийн санд байхгүй бол шинээр бүртгүүлж болно. Ингэснээр уг мэдээллийн сангийн дата нэмэгдэж, илүү ухаалаг болох боломжтой.

bot.techworm.mn вебийг ашиглан бот хаягуудтай тэмцэхэд хувь нэмрээ оруулаарай.


Санал болгох нийтлэлүүд:

Сэтгэгдэл
© 2015-2023 Анрид Медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентуудыг зөвшөөрөлгүйгээр болон дурдалгүйгээр нийтлэх, хэвлэх, эш татахыг хориглоно.